Friday, May 15, 2009

Утгагүйн утга-2

Шөнө дунд гэнэт хэн нэгний хүнд амьсгаагаар сэрчихлээ. Би бодолдоо итгэх гэсэн мэт амьсгаагаа түгжин чихээ сортойлгоод сонслоо. Яг л хэн нэгэн нь эмээгийн өрөөнөөс ирж байна. Тэр амьсгаа нь арай ядан багтаж гарах мэт хүндээр амьсгалж хөлөө нэг нэгээр чирэн удаанаар алхана. Тэр алхаа яг төмөр ханыг хадаасаар зорж байгаа мэт жихүүцмээр. Наашаа зүглэж байна. Ард хүрээд ирлээ. Би огт хөдлөж чадахгүй юм. Эсвэл бүр сэрж чадахгүй байгаа бололтой. Тэр яг миний ард ирчихээд хөнжлөөс чангаагаад байх юм. Эргэж харж, хөдлөж чаддаггүй ээ. Дугарах гэхээр дуу гарахгүй. Хамаг хөлс цутгана. Энэ бүхнийг бодит байдал, зүүд хоёрын алин болохыг ялгаж эс чадав. Дэмий л тархин дотор дайн явагдаад эргээд харчихвал л болно. Эсвэл ярилцах хэрэгтэй хариулах хэрэгтэй гэж бодогдох боловч бие хөшчихөж. Бүр үхсэн юм шиг хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм. Эмээ маань яг л ард зогсчихоод хөнжилнөөс аяархан чангаагаад ... Миний хөөө.... гээд тийм гэхийн аргагүй цахиртсан хоолойгоор аяархан дуудна. Энэ хоолойг сонсонгуут биеийн хамаг үс босч, хөлс цувна. Миний хайртай эмээ өрөөндөө унтаж байгаа. Тэр яаж ийм адилхан болж чадваа. Хоолой нь огтоосоо биш юм гэж би ард байх этгээдийг харж чадахгүй байгаа мөртлөө яг л миний эмээ дүрээрээ зогсож байгааг нуруундаа нүдтэй юм шиг харж байв. Хэрвээ энэ этгээд миний эмээ юм бол би Яасан эмээ? гээд эргэж харах хэрэгтэй байв. Юундаа айх вэ дээ энэ чинь миний хайртай эмээ ээж гэсэн бодолтой зэрэгцээд тэр яаж босч чадваа гэсэн бодол намайг улам жихүүцүүлж орхив. Эмээ маань босч чадахгүй. Тэр бараг ярьж чадахгүй бас босч, явж чадахгүй болохоор л ээж тэр 2 байнга цуг байх хэрэгтэй болсон. Гэтэл одоо эмээ босч ирэхээр барахгүй бүр намайг тодоос тод дуудаж байдаг. Энэ эмээгийн дүрд хувилсан ямар нэгэн юм гэдэгт баттай итгэлээ. Нэг их ухаан алдаж унатлаа айхгүй байгаа ч цаанаа л жихүүн, зивүүн хүйтэн мэдрэмж. Босох хэрэгтэй байдаг. Босчихбол л болно. Би дугарч чадахгүй болохоор нь хүчлэлээ. Авиа бага зэрэг гарч байна. Чангаруулах гэж оролдлоо. Эмээ, ээж, дүү гурвын хэн нэгэн нь сэрэг гэж бодлоо. Нннн гээд л аяаараас чангарч эхлэв. Нөгөө этгээд ард байсан хэвээр бас дуудсан хэвээр. Миний дуу чангарч эхлэхтэй зэрэг тэр Миний хөө гээд 2 дүүгийн мааны нэрийг хэлснээ тэр хоёрын аав тэр хоёрын аав л гээд байх юм. Би одоо орилж байлаа. Гэнэт би уяанаас тайлагдсан юм шиг хамаг бие татганаад сэрчихлээ. Чөтгөр ав гэж ямар хачин сэрүүн юм шиг зүүд вэ. Бүх юм нь яг бодит.. Хараал ид гэж юун тэр 2 ын аав бэ. Аавын тухай юу хэлэх гэсэн юм бол? Тэр бас миний ч аав байхад яагаад тэр хоёрын нэрийг хэлээд байсан юм болоо? Ёстой муу ёртой юм гэж бодлоо. Одоо бас унтаж чадахгүй тарчлах болов уу гэж бодсон ч гайгүй унтчихлаа. Харин өглөө нөгөө л зангаараа сэрүүлгээ тав таван минутаар хойшлуулж тавьсаар ажлын цаг өнгөрөөд байхад босоод ум хумгүй хувцаслан эмээдээ үнсүүлээд гарлаа. Тэр надад юу хэлэхийг тэгтлээ их хүссэн юм бол гэдэг асуулт хэвээр үлдэв.

3 comments:

di said...

эмээ чинь чамд нэг зүйлийн талаар хэлэх гээд л хэлээ залгиад суудаг юм болов уу хэлэхүү байхуу гээд л хэхэ ямар ч байсан муу юм болохгүй байхоо за юу зүүдийг сайнаар бодох хэрэгтэй юм шиг байна лээ. сайн тийш нь эргүүлэхийн тулд

director said...

би байлаа

NEO said...

haraal id gej nadad bas yag iim zuil tohioldoj blaa.gehdee hen negen tanidag hun bish ul tanih negen emegtei oron deerees ungiij haraadl har huls tsuvaadl evgui sanagdsan shu...

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina